Анхны бас сүүлчийн | Зохиолч Б.Ганчимэг • Өгүүллэг
Анхны бас сүүлчийн
Хэмхэрсэн хайрцагтай, гологдол хүнсний бүтээгдэхүүнийг ялган хураагаад, хямдрал гэсэн цаас нааж арын эгнээний лангуун дээр эгнүүлэн тавьлаа. Гаднаас хүмүүс гүйлдэн орж ирээд, үүдэнд бөөгнөрөн зогсохоор нь гайхан харвал, гадаа бороо орж байгаа бололтой. Бүр нилээд ширүүн бороо асгарч байх шиг байлаа. Бороо… гэж би амандаа хэлээд, хүйтэн гараа хормогчиндоо арчиж, цонх өөд хэсэг ширтэх зуур дэлгүүрийн дарга “Наад эгнээнийхээ барааг жаахан эмхлээд өрөөдхөөрэй” гэж үүрэгдэв. Би ч “За, тэгье ээ” гэж хэлээд хүмүүсийн энд тэнд аваачаад тавьчихсан барааг зөв байранд нь буцаахаар ажилдаа орлоо. Ер нь тэгээд бид гар сулрангуут л энэ ажлыг хийдэг юм. Зарим хүмүүс юу боддогийг хичээгээд ч ойлгохгүй. Тэд ариун цэврийн хэрэгсэл авч явснаа гэнэт авмааргүй санагддаг уу, яадаг ч юм архины хэсэгт орхичихсон байна. Аль эсвэл зөөлөн чихрийг саван, боокны хэсэгт гээд л арай дэндүү тохиромжгүй бараан дунд холиод тавьчихдаг юм. Тэр бүрийг цэгцэлж, янзалж байхгүй бол оройн тооллогын цаг дээр бөөн будлиан үүснэ. Сүүлдээ ч бүр нүд хурц болж, мэдрэмж ч өндөр хөгжөөд байх шиг санагдаж, орсон гарсан хүний үйлдлийг хараад андахгүй болно доо. Би жимсний чанамал болон даршилсан ногоонуудыг нэр, хаяг нь наад талдаа харагдахаар эргүүлэн, эхнээс нь завсар гаргалгүй зэрэгцүүлэн өрж байтал цаад талд юм хөдлөх шиг болоод, хийж байсан ажилдаа төвлөрчихсөн байсандаа ч тэрүү цоччихлоо. Жаахан тонгойсхийгээд завсраар нь хартал өөдөөс минь бас хэн нэгэн гайхан харж байв. Том давхраатай, огт анивчилгүй ширтэх урт хар нүднээс дөлж чадалгүй би нэг хэсэгтээ л хөдөлгөөнгүй болж орхилоо . Тэгмэгц тэр бэлэн хоолны тавиураас аль нэгийг нь аваад, үүдрүү эргэж, төлбөрөө хиймэгцээ усан борооноор тоолгүй гараад явчих нь тэр. Би яагаад ч юм араас нь хараад догдолчихсон зогсож байлаа. Тэгээд л амандаа “Бороо, бороо орж байхад…” гэж үгэлсээр…
… “Шинэ тараг ирж байна гэнэ. Чи хүлээгээд авчих тэгэх үү? Найз нь одоо явахгүй бол нөгөө багшийн хичээлээс дахиад хоцорчих гээд байна” гэж өглөөн ээлжний охин хэлээд, халуун цайнаас хоёр гурав балгалаад, яаран гарч гүйв. Би ч түүнийг хичээлдээ л сайн сураасай гэж бодохоос, ажлаа надаар хийлгэлээ гэж уурлах биш дээ. Араас нь инээн, гараа даллаж үдээд, гадаа хүлээх борлуулалтын менежер ахаас таргаа хүлээж авахаар гадагш гарлаа. Гэтэл би яах гэж гарснаа мартчихав. Өчигдрийн усан борооноор харсан залуу өөдөөс минь инээмсэглээд, найзтайгаа хамт өглөөний цайгаа ууж байгаа бололтой нэг нэг хавчуургатай талх барьчихсан, ярилцан зогсож байлаа. Тэр нэг тэнгэр ширтэн, нэг газар гөлрөөд л, хааяа надруу харж инээмсэглээд л, түүнийг хурдхан эндээс яваасай гэж бодохдоо би сагстай таргаа арай л газарт унагаачихсангүй. Биеэ барьж, тэр зүгт харахгүйг хичээхдээ гэнэт өөрийгөө “яагаад тэнэглээд байна аа” гэж зэмэлчихээд, менежер ах намайг дооглонгуй харахад нь худлаа үнэн инээмсэглэсэн болоод хурдхан шиг дэлгүүртээ орлоо. Нөгөө залуу ч удалгүй явчих шиг болов. Өмссөн хувцсыг нь эргэн санаад, барилга дээр ажилладаг байх нь ээ гэж таамаглан бодлоо. Хэсэгтээ ийнхүү гөлөрч зогссон ч ээлжний охин эрт явсныг аргалах гэж бүх л ажлаа ганцаараа гялалзуулсаар , орж гарах хүмүүсийн урсгалд “Сайн байна уу” ,“Баярлалаа, баяртай” гэж хэлсээр нэг мэдэхнээ таг мартжээ. Нар доошилж, хүмүүс ажлаасаа тарах үеэр ачаалал бүр ч ихслээ. Ахиад л хаалга нээгдэхэд нь “Сайн байна уу” гэж хэлээд харвал хэсэг барилгачин залуус дунд нөгөө залуу бас хамт орж ирж харагдлаа. Би тооцоо бичигч машиныхаа араас хөдөлж ч чадсангүй. Тэд хэдэн шар айраг, бас хатаасан төмс, школад, халуун мантуун бууз сагсандаа хийгээд миний зүг ойртон ирлээ.Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өөр бусад нь биш өнөөх л залуу авсан бүх юмаа урд тавиад, бас хажуугийн халуун зууханд эргэлдэж буй тахианы мөчийг зааж “Энэнээс зургааг” гэж хэлчихээд, түрийвчээ гарган зогслоо. Тооцоогоо биччихээд савлах гэж сандрах намайг азаар тэр тогтож харалгүй, найзуудтайгаа тоглоом шоглоом хийсээр, би ч эгцлэн харахгүйг хичээн, яаруухан мөнгөө тоолж аваад, хариултыг нь буцаан өгөв. “Баярлалаа, баяртай” гэдгээ үргэлж хэлдгээсээ арай л сулхан хэлчихсэндээ санаа зовон, хоолойгоо заслаа. Тэр харин шууд гараад явчихсангүй. Ганцаараа үлдэж, үүдэнд байсан сэтгүүлийг сонирхож байснаа, гэнэт эргэн хараад, надруу дөхөж ирэв. Тэгснээ:
– Бүтэнсайнд завтай юу? гэж асуух нь тэр. Би гэтэл бодсоноосоо ч илүү тайвнаар,
– Завтай. Яах гэж? гээд асуултыг нь асуултаар хариулчихлаа.
– Аан, хөлбөмбөг үзэх үү? Надад илүү тасалбар байгаа юм л даа. Тэр ингэж хэлээд хоёр тасалбар халааснаасаа гарган үзүүлэв. Би баярласан царайгаа нууж чадалгүй:
– Тэгье, би хөлбөмбөгт дуртай гээд л гараа тосчихлоо. Тулаад ирсэн үед хаанаас ийм их зориг гардгийг би өөрөө ч сайн мэддэггүй юм. Тэр гар дээр минь тасалбараа тавиад:
– Хотын цэнгэлдэх хүрээлэнд юм шиг байна лээ. Сайхан тоглолт үзээрэй… гэж хэлээд гараад явлаа. Би ч “Баярлалаа” гэхээс өөр үг хэлж амжсангүй. Хоёр билетээ нэг сайн харж яваад, дээр нь бичсэн мэдээллийг ч уншилгүй зүгээр л энгэртээ нааж ганцаараа дороо хэд дэвхцээд, гэнэт ажил дээр байгаагаа сануутаа халаасандаа хийн, алдчих гэж байгаа юм шиг л гараараа байн байн дарж үзсээр байлаа . Баярлаад ч тэрүү нэг л мэдэхнээ ажил тарах цаг болчихсон байв.
Харьмагцаа л баярт мэдээгээ хажуу өрөөнийхөө найзад дуулгалаа. Билетээ үзүүлээд “Хоёулаа хамт явж үзье, за юу” гэж хэлэхэд нөгөөх маань ч хөөрөн дэвхцээд бөөн баяр боллоо. Тэр хөлбөмбөг үзэх болсондоо баярлан үсэрч буйг би сайна мэднэ. Харин би үл таних нэг залуугаас урилга авсандаа хөөрөн догдолж байгааг найз маань хараахан мэдээгүй байсан юм. Бүтэнсайн өдрийг хүртэл хуруугаа дарах шахам тоолон байж өнгөрөөлөө. Гэхдээ би нөгөө залууг үзэхээр ирэх болов уу, үгүй болов уу гэдгийг мэдэхгүй байв. Тэр ер нь намайг кино, тоглолтонд урьсан ч бишдээ. Зүгээр л илүү тасалбараа бэлэглэсэн. Гэтэл би уригдчихсан юм шиг л баярлаж байгаадаа өөрийгөө шоолно. Тиймдээ ч найздаа өөрийнхөө хачин байдлын тухай хэлбэл тэр хөхүүлэн дэмжиж, “тэгвэл даашинз өмсөж явцгаая” хэмээн уйгагүй ятгасан юм. Тэгэх юм бол ядахнаа намайг эмэгтэй хүн гэж тоож харах юм байх аа.. Ингээд л тод өнгийн даашинз өмссөн бид хоёр бүтэнсайны өдөр болоход гэрлэн дохио аятай замын машинуудыг зогсоож, хурдлуулж явсаар цэнгэлдэх хүрээлэнд арайхийн цагтаа амжиж ирэв. Даашинзтай дугуй унах тийм ч амар байгаагүй тул байн байн хормойгоо засаж явсаар төлөвлөсөн цагаасаа оройтчихлоо. Би дотогш ороод түүнийг харцаараа хайх гэсэн боловч “ битгий мөрөөд” гэх шиг цэнгэлдэх дүүрэн хүмүүс шоргоолжны хэмжээтэй л харагдана. Хөл бөмбөгт улаан хорхойтой найз маань камераа аль хэдийн гаргачихсан, инээд алдсан амьтан энд тэндхийг шагайн харж, зураг дарж байлаа. “Хоёулаа тийшээ сууя аа. Хэрэв гоал оруулах юм бол ихэнх нь тийшээ гүйдэг байхгүй юу” гэж хэлээд намайг дагуулан талбайгаас ойрхон суудал руу явцгаав. Тоглолт ч сонирхолтой болж байлаа. Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр би ч бас хөлбөмбөгийн талаар чамгүй мэддэг болчихоод байсан юм. Хүмүүстэй нийлэн хөөрцөглөж, адилхан орилж, чаралсаар суудлаасаа босоод бүүр галзуурч байтал найз охин гараас угзраад, өөрөө камернаасаа нүдээ салгалгүй:
– Хөөе, хөөе ээ… Тэнд хоёр залуу наашаа гараа даллаад байх юм. Арай нөгөөдөх чинь биш биз? гэж асуув. Би тэр заасан зүгт нь харвал үнэхээр нөгөө залуу бид хоёрлуу даллан, инээмсэглэж байлаа. Тэр намайг харсныг мэдээд, нааш ир гэж дуудаад байгаа бололтой… Би ч “яанаа, яанаа” хэмээн хий дэмий сандарч байтал найз маань шууд л сугадаад тэр зүгт алхчих нь тэр. Хөгжөөн дэмжигчдийн их шуугиан дунд гар гараа барин мэндлээд, бие биеэ харан инээмсэглэв. Би найзыгаа танилцуулж, тэр ч бас найзыгаа танилцууллаа. Үнэндээ бид хоёр өөрсдөө танилцаагүй л байв. Хоосон суудал дээр зэрэгцэж суугаад, ойр зуурын хэд гурван үг солилцлоо. Дагуулж ирсэн найзууд харин жигтэйхэн хөгжилтэй элдвийг ярилцаж, аль хэдийн аргаа олсон бололтой. Зураг авах сонирхол нь хүртэл ижилхэн юм гэнэ. Харин бид хоёр бараг л дуугарсангүй. Өмнө минь өсвөрийн багийнхан бөмбөгний араас гүйлдэн, хүчээ баран тэмцэлдэж байвч надад жирэлзэж, урссан зураг гүйлгэх мэт тодорхой юу ч харагдахаа байв. Зөвхөн дэргэд суух залуугийн амьсгал л тодоос тод сонсогдож байлаа.
Тэмцээн дуусч, бид ч яаралгүй бусдын араас гадагш гарлаа. Дугуйн зогсоол хүртэл хамт алхаад, нөгөө хоёр камерны тохиргооны талаар ярилцаж байх зуур тэр надаас нэрийг минь асуусан юм. Ингэж л нэг бие биенийхээ нэрийг мэддэг болов. Бас түүний гэр нь манайхтай ойрхон гэдгийг, тэр ч бас найзтайгаа хамт амьдардаг гэдгийг мэдэж авлаа. Тиймээс дөрвүүлээ хамтдаа харихаар болж замдаа хоол ч идсэн болохоор юм гэж ярилцав. Харин түүний найз нь дугуйгүй ирсэн тул хэрхэн яаж явах вэ гэж хэсэг будилцгаав. Гэтэл тэр найздаа өөрийнхөө дугуйг атгуулаад :
– Чи минийхийг уначих. Чамайг бодвол эмэгтэй хүүхэд сундлаад явбал арай хөнгөхөн байх гээд инээв. Найз нь дугуйг авмагц, тэр миний дугуйг гараас аваад:
– Чи ард суучих. Зүгээр биздээ? гэж асуув. “Айн, зүгээр биш ээ. Огтхон ч зүгээр биш. Би чинь хүнд шүү дээ. Чи намайг дийлэхгүй” гэж би дотроо л баахан эсэргүүцэж хэлэв. Тэгсэн атлаа гаднаа юу ч хэлж чадалгүй:
– Аан… За… Би гэхдээ… Ер нь гүүр өнгөртөл зүгээр алхцгаах юм уу? гэж асуулаа. Тэр инээхээс өөр юу ч хэлэлгүй түрүүлэн суугаад, намайг ардаа суу гэж толгойгоо дохилоо. Үнэхээр л би өмнө нь хэний ч ард сундалж байгаагүй. Тэгээд ч энгийн үед босч зогсоод жийгээд байхад л давж бардаггүй өгсүүр гүүрээр түүний ард сундлаад явна гэдэг яав ч сэтгэлд багтахгүй байв. Гэтэл нөгөө муу хоёр тус тусынхаа дугуйг жийгээд урд гараад явцгаачихав. Тэд яриандаа халуураад намайг тоож байгаа ч юм алга. Би суух эвээ ч олохгүй, даашинзныхаа хормойг дэмий л доош нь даран, түүнийг харахаас ч ичээд байв. Тэгтэл тэр цамцаа тайлж, эвхээд миний суух хэсэгт хамцуйгаар нь уяж тогтоов. “Одоо суухад холгох нь гайгүй байх аа” гэж дотноор хэллээ. Эв дүүгүй ард нь гарч суугаад барих газраа олж ядтал, тэр ч “За хөдлөх үү” гээд хөлөө газраас өргөв. Бага зэрэг тэнцвэр алдаад, удалгүй нэгэн хэвээр жийж эхлэлээ. Би ч унахаас айсандаа гэдсээр нь зуураад барьчихсандаа жаахан ичив. Тэр төсөөллийг минь хором хормоор эвдэж, гүүр өөд огт цуцалгүй өгссөөр байлаа. “Зогсчихвол яана аа” гэсэн айдас алхам алхмаар урагшлах бүрт улам их намайг зовоох атлаа хэн нэгний ард суугаад, зүгээр л салхийг мэдрэн хаа нэг тийшээ явах юм гэж төсөөлж ч байгаагүй тэр гэнэтийн сайхан мэдрэмж зүрхийг минь салгалуулан догдлооно. Түүнийг харахдаа баярлаад байдаг болчихсон хэдхэн хоногийн өмнөх догдлолтой зүйрлэх ч юм биш. Тэр үнэхээр нэг ч түүртэлгүй явсаар гүүрний дунд хэсэгт хүрээд ирэв. Би баяр хөөрөө бас л барьж дийлэлгүй “Пөөх, чи энэ хүртэл зүгээр гарчихлаа шүү дээ” гэж хашгирах шахам хэлэхэд тэр дугуйгаа зогсоогоод нүднээ илхэн харагдах гэрэлт хотыг ширтэн, чимээгүй инээмсэглэв . Өөртэйгөө зүйрлүүлэн бодвол гүүрээр давна гэдэг их л хүнд даваа шиг санагдана. Гэтэл тэр ердөө ч зовлонгүй, амьсгаадсан ч шинжгүй тэр замыг туулаад ирчихсэнд гайхан баярлах би эсэргээрээ түүнд хачин санагдсан байж ч магадгүй юм. Тэр замаа харалгүй, яриаг минь сонсох гэж үе үе хажуу тийш толгойгоо гилжийлгэх нь дулаахан мэдрэмж төрүүлнэ. Гүүрээр цаашаа явбал бид бүгдийн “дугуйт нислэг” гэж нэр өгсөн замаар огцом уруудлаа . Өөрийнхөө эрчинд хурдаа авсаар, агаар зүсэн шуугиж эхлэхэд, үдшийн салхи үсийг минь хийсгэн, халуу дүүгсэн ягаахан хацрыг минь сэрүүцүүлж, сэвэлзэн үлээхэд би яг л нисэж байгаа шувуу шиг гараа алдалмаар санагдав. Хоёр өвдгөө хавчиж, унахааргүй итгэлтэй болмогцоо гараа дэлгээд, дээшээ тэнгэр ширтэж, инээмсэглэлээ нууж ядан явахад тэр аажуухнаар хурдаа хасан гүүрний төгсгөл ойртож буйг сануулах шиг… Ингээд л үргэлж түүний ард сундлаад явж байх юмсан гэж дэмий мөрөөдөх зуур цайны газар ирчихсэн байлаа. Бид дөрөв хоол идчихээд, гадаа гарч хажуугийн цэцэрлэгт хэсэг сууцгаав. Сайхан тэмцээн үзүүлсэнд баярласнаа илэрхийлж, бас сайхан танилцсаны баталгаа болгон утасны дугаараа солилцлоо. Найз бид хоёр савлуур дээр жаахан охид шиг савлан инээлдэж байгаад хавь ойрынхонд дараа болохоосоо айн удалгүй болив. Тэгээд ч орой болсон тул бид салах хэрэгтэй болж, бие биедээ сайхан амрахыг хүсээд гэр гэрийн зүг харьцгаалаа.
Би түүний тухай зогсоо зайгүй бодсоор… Утасны дугаар нь байсан ч түрүүлж холбоо барихгүйг хичээлээ. Илт түүнд татагдаж буйгаа амархан мэдэгдэхийг хүссэнгүй. Утсаараа оролдож хэдэн үг бичиж эхлээд л, нөгөөтхөө устгаад л, дахин дахин ийм үйлдэл хийсээр өдрийг барав. Үд нилээн хэвийх үеэр найз маань гаднаас тор дүүрэн ногоо, амтлагч, жүүс, шар айраг гээд л дийлж ядсан их ачаатай орж ирээд:
– Хурдхан гараас аваарай! Арай л гэж шатаар гарч ирлээ гээд надад дамжуулав.
– Яасан их юм аваа вэ? Яаж ирсэн юм бэ?
– Өө унаанд дайгдаад л… За, миний найз хоолыг гялалзуулдаг юм чинь хэдэн таваг идчихээр юм хийгээдэх. Би гялс энэ хавиа цэвэрлээдэхгүй бол…
– Юу, яах гэж байгаа юм?
– Зочид ирнэ ээ. Яанаа, би чамд хэлсэн биздээ?
– Юу вэ?? Юу ч хэлээгүй. Юун зочид? гэж намайг гайхан асуухад, найз нүдээ ирмэн, аальгүйтэж инээгээд:
– Яагаав ээ, нөгөө залуу чинь. Тэр удахгүй гадагшаа томилолтоор явах гээд байгаа юм бишүү. Тэгэхээр нь үдэлт хийе гэж бид хоёр ярилцсан байхгүй юу.
– Хэн хоёр вэ?
– Яагаав тэр залуугийн найз, бид хоёр.
– Тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм. Одоо ирэх юм уу?
– Тиймээ. Цаг гарангийн дараа… За ангайгаад байлгүй гялс хоол хийгэдэх л дээ гэж аргадах маягтай хэлээд өөрийнхөө өрөөнд орчихов. Би ч ийм гэнэтийн дайралтанд ороод сурчихсан бололтой. Найз охиндоо уурлахаас илүүтэй, тэр залууг ирнэ гэж бодохоор л өөрийгөө янзлах уу, өрөөгөө цэгцлэх үү, хоолоо хийхүү гээд баахан асуултанд дарагдан, тэвдэж байлаа. Бид хоёр гүйлдэх шахам бүхнийг хийж амжуулаад, хамгийн сүүлд нь өөрсдийгөө толинд харж, үсээ зүсээ жаахан янзлав. Ягаан өнгийн хормогч маань надад зохиод, илүү хөөрхөн ч харагдах шиг. Тэгэхээр нь хоолоо хийж дууссан хирнээ тайлалгүй орхив. Товлосон цаг боллоо. Хаалганы хонх дуугарах болов уу гэж чих тавин, өөр юм ч хийж чадалгүй гэгэлзэн хүлээсээр… Тэдний ирэх ёстой цаг ч өнгөрлөө. Нэг цаг, хоёр цаг… Ширээн дээр халуунаар нь гаргаж тавьсан ногоотой хуурганууд бүгд хөрчихжээ. Найз хэн хэнийх нь дугаар луу залгаж үзээд “авахгүй байна”, “холбогдохгүй байна” гэсэн хариу хэлэв. Тэд ирсэнгүй. Танихгүй шахам охид дээр очмооргүй санагдсан юм болов уу? Намайг ер нь юу ч гэж бодоогүй байх л даа. Эсвэл… Би элдэв янзын шалтгаан бодож олсоор гурвын гурван цаг өнгөрчихөөд байхад хормогчоо ч тайлалгүй хүлээгээд л байлаа. Гэнэт хонх дуугарч, найз орноосоо үсрэн босоод хаалга руу очив. Тэнд нөгөө хоёр залуу бас нэг найзаа дагуулчихсан “Уучлаарай” гэсээр үүдэнд зогсож байлаа. “Алив, орцгоо орцгоо. Яаж удахаараа ингэж охидыг хүлээлгэдэг байна аа” гээд л найз охин ч шуудхан шүүмжилж эхлэв. Харин нэг нь “Энэ мангарыг хайгаад олдоггүй. Тэгсэн чинь манай энэ найзынд очоод нам унтчихсан байгаа юм даа” хэмээн хэлээд шинээр дагуулж ирсэн найзыгаа заан “тиймээ” гэж асуунгаа, өөрөө толгой дохив. Би үүдний өрөөнөөс холдолгүй, хараад л зогсож байлаа. Тэд орж ирээд, тойруулан бэлдсэн сандал дээр сууцгаахад өнөөдрийн гол зочин маань харин миний дэргэд ирээд “Уучлаарай” гэж хэлэх нь тэр. Гэтэл би өөрийн мэдэлгүй “Яасан уддаг юм бэ?” гээд гарыг нь цохичихов. Хоёр, гурав, дөрвөн удаа ч байж магадгүй. Найзууд чимээгүй болж, намайг гайхан харахад нь би тагтруу гүйн гарлаа. Бид хоёрын хооронд юу ч болоогүй, зүгээр л танилын төдий харилцаатай атлаа ирэхгүй нь гээд гомдчихсон байдаг. Өөрөөс минь өөр хэн ч ойлгохгүй тэр мэдрэмжийг ил гаргачихсандаа санаа зовж, дэмий л тагтан дээр буцаж орж чадахгүй зогссоор байв. Тагтны хаалга нээгдэж, цаана нь аль хэдийн инээлдэн, ярилцаад эхэлсэн бололтой бусдын маань дуу сонсогдоход, тэр гартаа жүүс барьчихсан нөгөө л нэг инээмсэглэлээрээ намайг “зүгээр үү” гэж асуух шиг гараад ирлээ. Би ярих гэтэл хоолой маань өөрт ч сонсогдсонгүй. Тэр жүүсээ сандал дээр тавьчихаад буруу харан, тагтны ирмэг дээр тохойлдоод, намайг ширтэж эхлэв. Энэ нь бүр ч хэцүү санагдаад байхаар нь юу ч болоогүй юм шиг өөдөөс нь хараад:
– Чи ингэхэд явах гэж байгаа гэл үү? гэж арай ядан асуулаа. Тэр ч биеэрээ нааш эргээд:
– Тийм ээ. Эндэх томилолтын хугацаа дуусчихсан. Эргэж ирэхгүй бүр явна даа… гэхэд нь би сонссондоо итгэж чадсангүй.
– Хэзээ?
– Нөгөөдөр…
Дахиад юм асуух гэтэл хоолой зураад, нулимс нүднээс асгарч эхлэх нь тэр. Би ёстой сонин… Ичихээ ч мэдэхгүй ухаангүй амьтан шиг уйлж гарлаа. Ямар шалтгаантай уйлаад байгаагаа өөрөө ч хэлж мэдэх юм алга. Тэр мөрөөр минь тэврээд, толгойг минь өөрлүүгээ наалдуулав. Тэгмэгц бүр л чанга гэгч мэгшин, бүр л ихээр нулимс минь асгарчихлаа. Хэсэг уйлсны минь дараа тэр энгэрээсээ алчуур гаргаж өгөөд:
-За одоо битгий уйл аа гэж аргадангуй хэлэхэд нь л сая нэг өөрийнхөө хийж буй үйлдлийг анзаарч, мөрийг нь дэрлэснээ болиод, нулимсаа арчив. Сэтгэл ч арай уужирч, хэвийн ярихтайгаа боллоо. Хийдэг ажил, хир хугацаагаар ирсэн, сонирхол, чөлөөт цаг гээд л аяндаа яриа өрнөж, хавь ойрын сонин сайхныг хүртэл хамж шимэн ярьсаар түүнийг хир их хөгжилтэй, ухаалаг болохыг анзааран зогсоход цаг яаж өнгөрснийг ч мэдсэнгүй. Би бас түүнд дугуйн дээр сундалж явсанд хэрхэн баярласнаа илэрхийлэхээ ч мартсангүй. Түүний найз тагт нээн, толгойгоо цухуйлгаад “За хоёроо, одоо тавхан минут өгье. Үлдсэн юмаа ярьж дуусгаарай” гэж дооглонгуй инээхэд нь бид “Одоо орлоо, орлоо” гэж сандран хэлцгээлээ. Би түүний алчуурыг буцааж өгөхийг хүсээгүй юм. Тэгээд:
– Би алчуурыг чинь угаачихаад дараа буцаагаад өгье гэж хэллээ. Тэр ердөө хэдхэн цагийн дараа явчих учир, буцааж өгөх боломж олдохгүй. Тэгээд алчуур надад үүрд үлдэх байсан болохоор л тэр.. Гэтэл тэр ямар нэг зүйл бодон чимээгүй зогссоноо:
– Маргааш надтай уулзаж чадах уу? гэж асуув. Би ч түүний харцанд ховсдуулах мэт:
– Маргааш чамтай уулзмаар байна аа гэж хариуллаа.
– Би ч яахав бүтэн өдөр амарч, ачаагаа бэлдэнэ. Харин чи орой болтол ажилтай биздээ?
– Тийм. Хэдэн цагт уулзах уу?
– 6 гээд уулзвал болох уу? Ажил чинь…
– Зүгээр ээ. Би илүү цаг хийлгүй гараад ирнэ.
– За. Тэгвэл 6цагт хойд талын уулзвар дээр уулзая.
-За…
“Үдэж өгөх гэсэн хүн маань тагтан дээр байсаар байгаад, баяр дуусчихлаа даа” гэж найз охин үгээр идэхэд нь цаг харвал бид хоёр бараг гурван цаг гадаа зогчсихсон байлаа. Надад маргаашийн болзооноос өөр юу ч бодогдохгүй байсан тул бушуухан тэднийг үдэж гаргаад, хаалгаа түгжмэгцээ л үсрэн бүжиглэж, найз охиноо алмайруулав. Тэр надаас “Та хоёр яг яасан?” энээ эрээ гээд л баахан юм асууж шалгаан, зүгээр л ярилцсан гэдэг хариултанд минь итгэхгүй баахан байцаалаа. Ямар би уйлчихсан юмаа гэж хэлэлтэй ч биш. Харин болзоонд уригдсан гэдгийг минь сонсоод, надаас дутахгүй баярлаж, миний өмнө нь огт өмсөж үзээгүй сонин янзын даашинзнуудыг дэлгэн үзүүлж, аль нэгийг нь өмсч явахыг санал болгов. Ажлаа тараад хар хурдаараа гүйн ирж, хувцсаа солиод, нүүрээ янзлаад л гарахаар тооцож, даашинз, шаахайг минь бэлдэж, бас аль аль будгийг хаанаа, хир зузаан түрхэхийг зааж өгөөд санаа нь амрав бололтой маргаашийн болзоонд минь амжилт хүсээд, найз маань өрөөнийхөө хаалгийг хаалаа. Урт гэгч шөнө ингэж нэг дуусав. Би бараг л унтаж чадсангүй. Анхны минь болзоо ямар байхыг төсөөлөхөд, сайхан зүүд ч хэрэггүй биз.
Өдөржин амандаа дуу аялаж, нүдэндээ мишээл тодруулан юу ч хийсэн баяртайгаар гэрэлтэх намайг дарга ч, ээлж нь солигдох цагийн ажлын залуус ч гайхан харах нь мэдрэгдэнэ. Би цэцгийн мандал дээгүүр дүүлэн буун, суух шувуу шиг л харагдсан байлгүй. Тэгээд тарах цаг болмогц даргаас:
– Өнөөдөр би эрт харина аа. Илүү цаг хийхгүй байж болох уу? гэж асуувал, дарга ч :
– Тэг дээ. Урьд хэзээ ч ингэж байгаагүй сэн. Яасан болзоотой юм уу? гэж хэрэгт дурлав.
– Тийм болзоотой… Болзоотой хэмээн давтаж хэлээд, хормогчоо тайлан лангуун доогуур шидчихээд гүйн гарлаа. Яаран гэртээ орж, яг өчигдөр бэлдсэн ёсоороо даашинзаа өмсөн, нүүрэндээ бага зэрэг энгэсэг түрхлээ. Өөрийгөө толинд нэг харж, шалгаад цагаасаа эрт очихын тулд эртлэн гарав. Салхи үлээн, даашинзны хормой дэрвээд л, өөрийнхөөрөө том том алхаж болохгүй бололтой. Амьдралдаа анх удаа л болзоонд яаран гүйж байгаа гэдгийг минь хэн ч хараад төсөөлөхгүй биз. Өдий насанд анх удаа болзоно гэхэд минь хэн ч итгэх билээ. Би уулзах ёстой газраа ирчихээд түүнийг аль зүгээс гарч ирэх бол гэж ийш, тийш нүд цавчилгүй ширтэн, сандарсаар…
Удалгүй тэр дугуйтайгаа булан тойрон гарч ирэв. Цав цагаан цамц өмссөн нь хар нүдийг нь улам тод гэрэлтүүлэх шиг. Тэр намайг “Хөөрхөн харагдаж байна” гэж инээмсэглээд “Чамайг дугуйнд сундлуулах дуртай болохоор чинь дугуйгаа унаад ирлээ” гэхэд нь би тоймгүй их баярлав. Бүрий болохоос өмнө дээд цэцэрлэгт орж, миний зургийг дармаар байгаагаа тэр хэлээд, дугуйгаа түрсээр өгсүүр замаар алхцгаав. Хаяанд минь байх хирнэ өмнө нь би тэр цэцэрлэгт орж үзэж байсангүй. Өнгө өнгийн цэцэгс алаглаж, өргөн ногоон талбайн энд тэнд гоёмсог дүүжин сандал, үлгэрийн гүнжийнх шиг хээ хуараар чимэглэсэн төмөр саравч гээд л дуу алдмаар үзэсгэлэнтэй хүрээлэн биднийг угтав. Цагаан цэцэгтэй ганц том модны дэргэд байх модон саравчинд орж суулаа. Маргааш явахыг нь мэдсээр байж өөртэй нь болзож суугаа охиныг тэр лавтай өөртөө дуралсан гэж мэдсэн байх л даа. Нэг л мэдэхэд түүний гар хүзүүг минь илж, би уруулаа түүнд өгчихсөн байсан. Зүрхний цохилт дуулдахаа байж, би хэзээний л мэддэг байсан юм шиг нуруугаар нь тэврээд, нүдээ анин, ичихээ мэдэхгүй шунаглан үнсэв. Тэр намайг анхны үнсэлтээ түүнд өгч байгааг огт гадарлаагүй байх. Удалгүй тэр хүзүүг минь үнэрлэж, намайг биендээ улам наалдуулан зөөлхөн тэвэрч, чихийг, нүдийг, дараа нь уруулыг минь үнсэв. Ухаан санаа минь орчлонгоос тасран, түүний уруулын амтанд бүхнийг умартаж, улам их үнсээсэй, тэврээсэй хэмээн бодохоосоо ч ичсэнгүй. Тэр намайг илэн таалах зуураа даашинзны минь цахилгааныг аяархан тайлчихсан байсныг би мэдсэнгүй. Даашинзны минь зүүн мөр мултран унаж, тэр зүрхэн дээр минь гараараа хүрэхэд л дөнгөж анзаарав. Сандрахдаа хойшлон, гараа урдаа зөрүүлбэл тэр ч бас тэвдэн “Уучлаарай, би ширүүн хүрчихсэн үү? Өвтгөчихсөн үү?” гэж зовнин асуув. Тэгээд намайг чимээгүй суугаад байхаар “Энэ сандал бид хоёрт нарийдаад байх шиг байна. Хоёулаа тийшээ очих уу?” гээд цүнхийг минь барин, гараас тосон босголоо. Түүнтэй хөтлөөд яг л хосууд шиг алхав. Аль хэдийн бүрий нөмөрч, харагдахаа больсон ч цэцэгсийн гойд сайхан үнэр анхилж, тэр намайг жижигхэн цэцэгт хүрээлэнгийн дунд байх томоос том дугуй ширээн дээр өргөн суулгалаа. Өөрөө дэргэд минь гарч суугаад дахин үнсэлтээ үргэлжлүүлж, биендээ улам ойртуулан, бүр чанга тэвэрлээ. Би түүнд юугаа ч өгөхөд бэлэн тийм ихээр хүсэн тэмүүлж байсан атлаа улам шунан, чангарах тэвэрт нь давчдаад дахиад л өөрөөсөө түлхчихэв. Одоо тэр юу хүсч байгааг би сайн ойлгож байлаа. Түүний тайлаад хаячих дөхсөн даашинзаа буцаан өмсөөд:
– Би чиний хүсч байгаа зүйлийг өгч чадахгүй нь, уучлаарай гэж хэлэв. Тэр:
– Чи өмнө нь хийж үзээгүй юм уу? гэж асуухаар нь:
– Тийм. Тэгээд ч би анхны шөнөө нөхөртөө л өгнө гэж боддог гээд үнэнээ хэллээ. Гэтэл тэр баяртайгаар, бүр үнэн сэтгэлээсээ баярлан, өхөөрдөх мэт инээгээд:
– Сайн охин. Чи энэ бодлоо заавал биелүүлэх хэрэгтэй шүү гээд хацар дээр минь удаан гэгч нь үнсэв. Магадгүй энэ шөнийн хамгийн жаргалтай мөч энэ байсан байх аа. Уруул дээр үнсэхээс ч илүү сайхан мэдрэмж төрж, түүнийг ухаантай залуу гэдэгт би зуун хувь итгэсэн юм. Тэр өө хэлэхийн аргагүй хүмүүжилтэй, сайн залуу атлаа үнсэж, таалахдаа хоромхон зуурт муу залуу болон хувираад, дур мэдэн биед минь хүрч, зүрхийг догдлоож чадсанд л ухаантай гэдэг үг тохирох юм. Өөрөөр хэлбэл хаана хэрхэн авирлахаа мэддэг ийм л залуус надад таалагддаг юм даа. Тэр цахилгааныг минь татаж өгөөд, газар уначихсан үсний даруулгыг авч, үсэнд минь зүүв. Аль хэдийн хаачихсан цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгаар гарахаас нэгэнт өнгөрсөн тул хажуугаар нь ургуулсан намхан бутан дээгүүр дугуйгаа давуулан тавиад, дараа нь намайг түшиж гаргалаа. Өгсөж ирсэн замаар буцаад уруудах үед дахин нэг удаа түүний ард сундлаад, салхинд гараа алдлан нисэх нь сүүлийн боломж байсан юм. Энэ шөнө битгий дуусаасай гэж дотроо тэмцэн хүсэвч, эргэцүүлээд сайн бодвол түүнд хангалттай их баярлах хэрэгтэй байлаа. Өөрийг нь үдэж өгөхөөр цугларсан найзуудаа удаан хүлээлгэж орхиод, надтай л уулзах гэж ирсэн шүү дээ. Салах гэж огт бодолгүй элдвийг ярьсаар байгаа намайг сайтар сонсож, “одоо ор доо” гээд хэлчихэж чадалгүй өчнөөн удаан үүдэнд минь зогссонсон. Тэр маргааш өглөө нар мандахаас ч өмнө онгоцны буудалд хүрэх ёстой. Яг таван цагийн дараа… Тэр цагаа хараад:
– Удахгүй маргааш болох нь. Өнөөдрийн дурсамжыг өнөөдөртөө дуусгая даа гэж тэр аяархан хэлэв. Би ч ийм төгсгөл ирэхийг анхнаасаа мэдэж байж уулзсан шүү дээ. 00 цаг заахад яг л Үнсгэлжин шиг ганцаараа үлдэнэ гэдэгтэйгээ эвлэрэх л цаг болсон байв.
– Найзууд чинь хүлээгээд бүр гайхаж байгаа байх даа. Надтай уулзсан гэж хэлэх үү?
– Чи хүсвэл хэлсэн ч болно. Хүсэхгүй бол надад ч хэлэх бодол алга л байна. Тэд намайг явсны дараа дэлгүүрт чинь орж чамайг сонжиж хараад байвал хэцүү байлгүй дээ…
– Баярлалаа.
– Юунд тэр вэ?
– Миний бодож ч амжаагүйг чи аль хэдийн бодчихож…
– Харин чамд баярлалаа.
– Юунд тэр вэ?
– Богинохон хугацаа ч гэлээ намайг аз жаргалтай болгосонд… их баярлалаа. Үнэхээр жаргалтай байлаа. Тэр ийм сайхан үгийг хэлчихээд, гараас минь атгав. Би дахиад л уйлчих гээд байсан тул, хурдхан түүний хацар дээр үнсээд:
– Алчуурыг чинь өөртөө үлдээлээ. Надад ч гэсэн хэтэрхий сайхан байсан… Замдаа сайн яваарай! гэж хэлээд гэрлүүгээ гүйлээ. Тэр “Чи ч бас сайн сууж байгаарай” гээд, дугуйгаа жийсээр булан өнгөрөөд алга болов. Эргэж харахгүй гэж хичээсэн боловч чадсангүй. Гэхдээ юу ч байхгүй хоосон хар гудамжыг удтал ширтэхийг хүссэнгүй. Үүнээс илүү аз жаргалтай төгсгөл гэж юу ч байх билээ. Тэгээд би уйлалгүй өрөөндөө ороод, түүний алчуурыг дэрлэн унтаад өгсөн юм.
Өглөө эртлэн босч тэнгэрийг ширтлээ. Тэртээ өндөрт хөөрөх онгоц өөд гараа даллаад, нөгөө гартаа түүний алчуурыг тас атгаж зогсохдоо “Чамтай өнгөрүүлсэн анхны бөгөөд сүүлчийн болзоо амттай байсан шүү” гэж өөртөө дуулдах төдий шивнэлээ. Хагацахаа мэдсээр байж учирч чадах нь зөвхөн зүрх сэтгэл гэдгийг би ойлгосон. Харин дараа нь хэр их шаналахаа даанч төсөөлж амжаагүй байна. Одоо зөвхөн алчуурнаас нь үнэртдэг түүний үнэрийг л алдахгүй байх гэж хичээе. Хэзээд инээмсэглэн дурсаж чадах анхны бас сүүлчийн болзооны үнэр минь…
0 сэтгэгдэл:
Post a Comment